Баялаг бүтээгчид

Г.Ганзориг: Бид асуудлаа шийдэх чадамжгүйгээс л авилгаар бизнес явагддаг гэх ойлголтыг нийгэмд өгч байна

Залуус нийгмээ өөдрөгөөр харж байна. Хийж бүтээе, улс орныхоо хөгжилд зөв замаар, зөв хандлагаар хувь нэмрээ оруулахын төлөө тэд хөдөлмөрлөж байна. Ингээд нийгэмдээ баялаг бүтээн ажлын байр бий болгож, өсөж, хөгжиж яваа залуу бизнесмен, хүүхэд залуусын спортын хөгжилд хувь нэмрээ оруулж яваа Фүкү фүүдс компаний захирал, Golden star Тулааны спорт сургалтын төвийн үүсгэн байгуулагч ерөнхий захирал Ганжаргалын Ганзоригтой ярилцлаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Ганжаргалын Ганзориг гэдэг. Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн. Төв аймгийн Заамар суманд нэг настайдаа очиж, тэнд бага нас, сургуулийн нас минь өнгөрсөн. Тэгэхээр Төв аймгийн Заамар сумын иргэн гэж хэлж болно. Төгссөн сургуулийн хувьд Биеийн тамирын дээд сургуулийг төгссөн, бас бизнесийн удирдлагаар суралцсан. Мэргэжил боловсрол эзэмшсэн чиглэлийнхээ дагуу хоёр бизнес хийж байна.

Хүүхэд рүү чиглэсэн Тулааны спорт сургалтын төв ажиллуулж байна. Бокс, таэквондо гэх мэт төрлүүдээр хичээллүүлдэг. Нөгөө нь бид нарын сууж байгаа "Фүкү рамен"япон хоолны сүлжээ рестораныг ажиллуулж байна.

-Хоол үйлдвэрлэлийн чиглэлийн энэ бизнесээ хэдэн оноос эхэлсэн бэ?

-"Фүкү рамен"япон хоолны сүлжээ рестораныг 2019 оны сүүлээс  эхэлсэн.

-Бизнестээ ямар зарчим баримталж ажиллаж байна вэ?

-Энэ бол бидний юм. Сэтгэл гаргаж ажиллаж чадахгүй бол чамд цалин ирэхгүй гэсэн зарчим барьж ажилладаг. Өөрийн гэсэн үзэл баримтлалаасаа ухрахгүйгээр Ганзориг хувь хүнийхээ үзэл баримтлалд, өөрийн гэсэн бүхэндээ 100 хувь үнэнч. Хэн ч юу ч хэлж байсан үзэл баримтлалаасаа өөрийн зарчмаасаа ухрахгүй.

Би олон хүний амьдрал авч явж байна.  Гэхдээ том компаниудын хажууд юу ч биш байх л даа. Надад өөрт бол олон. Тиймээс хэзээ ч бууж өгөхгүй гэдэг зарчим дээрээ хатуу зогсоно. Би спортын хүн учраас сэтгэлзүй өндөртэй л дөө. Ямарваа нэг асуудал тулгарахад хаагуур нь ч гарч болно. Гэхдээ үнэнч, зөв л урагшилна гэдэг дээр бат зогсоно.

-Ковидын нөхцөл байдал сүүлийн хоёр жил үргэлжиллээ. Энэ нөхцөл байдал бизнес хийж байгаа хүмүүст хэр хүнд туссан бэ?

-Бид хамт олноороо сууж байгаад Ковидын эсрэг төлөвлөгөө гаргаж байсан. Яг ковид-19 халдвар эхлээд 11 сараас бизнес хийхэд угаасаа хүндрэлтэй байсан. Хэцүү байсан үе гэвэл таван салбартай байж байгаад хоёр салбартай үлдсэн нь хангалттай нотолгоо. Нэг ч ажилтан цомхтгоогүй. Бүгдийг нь авч үлдэнэ, цаашаа бүгдээрээ хамт  ажиллана гээд л зүтгэсэн. Оффисын цалингаа хасаад, бүх ажилчдаа цалинтай нь байлгасан. Будаа өгөхөд нь будаа өгөөд, болох болохоороо зохицуулаад  явсан. Одоо хүртэл бүх ажилчид маань байна. Ковид нээх хүнд тусаагүй. Ковидыг боломж болгож л харсан, хүргэлт хийхдээ хүргэлт хийгээд,  өөрөө дугуй унаад хүртэл явж л байлаа.

-Таны хувьд ковидын нөхцөл байдлыг боломж гэж харсан байна. Энэ үед бизнесийн ямар шинэ санаа гарч ирсэн бэ?

-Хүргэлтийн үйлчилгээг бүх л газар хийчихдэг учраас төвөгтэй санагдаад бодож байгаагүй. Гэхдээ манай хоолыг  21-р хороолол, 7 буудалд идэх сонирхолтой хүмүүс байдаг юм билээ. Тэр хүмүүст хоолоо хүргэж өгсөн. Их сайхан байсан. Бид яг багийн ажиллагаагаар яг ковидын тэр ажилгүй, орлогогүй байгаа үеийг давж гарсан.

Эндээс юу анзаарагдсан бэ гэхээр хэн үлдэх вэ, үлдэхгүй вэ гэдэг шалгуур явагдсан гэж хэлж болно. Зарим нь бол намайг хүүхэд гэж харж, голсон. Явсан хүмүүсийн ихэнх нь нарийн боов руу орсон, 8 нэрийн дэлгүүр энэ тэрд ажилд орсон. Одоо харин буцаад ажиллах хүсэлтээ илэрхийлж эхэлсэн байгаа.

-2018 оноос хойш  хоол үйлдвэрлэлийн салбарт бизнес хийж эхэлж байна гэлээ. Энэ хооронд алдаатай, оноотой их л зүйл мэдэж авсан байх. Хүмүүс алдаанаасаа суралцдаг гэж ярьдаг. Алдаанаасаа суралцахын тухайд өөрөө юу гэж боддог вэ?

-Яг "Фүкү рамен" рестораныг авч ажиллуулсан хугацаа бол 2019 оны сүүлээс эхлүүлсэн л дээ. Өмнө нь бол европ гээд л янз бүрийн ресторан ажиллуулж байсан. Энэ бүхэн туршлага болж байсан.

-Энэ үед шантармаар хэцүү үе байсан уу?

-Одоо ч надад шантармаар үед зөндөө байгаа ш дээ. Нийгмээ дагаад ажиллаж байгаа хүмүүс маань сэтгэл гаргах, шударга байх энэ бүхэн их стресстүүлдэг. Түүнээс биш үйлчлүүлж байгаа хүмүүс харьцангуй залуу, гоё болчихсон ш дээ. Үйлчлүүлж сурсан.

-Та сая хамт олон сэтгэлтэй хандах гээд ярилаа. Өөрөө олон хүнийг ажлын байраар хангаж байна. Гурван жилийн хуагцаанд олон хүн орж гарсан байх. Залуучуудыг ажиглахад алдаатай болон болон давуу нийтлэг зан чанар хэрхэн ажиглагдаж байна вэ?

-Нийгэм тэр чигтээ л залуучуудыг дутагдалтай гэж миалдаг л даа. Би ч зөндөө миалуулдаг, одоо ч миалуулсаар байгаа. Миа хүн гэж байхгүй юм шиг байгаа. Гэхдээ ажиглагдаж байгаа нэг зүйл бол өнөөдөр маргаашаа гэсэн сэтгэхүйгээсээ л салчхаасай. Би энэ ажлыг үнэнчээр хийвэл, өнөөдрийн мөнгө биш цаашдын, ирээдүйн боломж нээгдэнэ. Өнөөдрийн мөнгө биш, ирээдүйд олон мөнгө, өнөөдрийн хамт олон биш ирээдүйн хамт олон маань, ажил төрөл  маань гэж бодох хэрэгтэй.

Аливааг зөвхөн өнөөдрөөр л хардаг олон хүнтэй таарч байсан. Сайхан сайхан зүйл яриад л ороод ирдэг. Боломж олгоод туршилт гэхгүйгээр шууд үндсэн цалингаар ажилд авдаг. Бид чинь ажлаа сараар төлөвлөж ажилладаг. Гэтэл нөгөөх маань нэг өдөр ажиллаад л маргааш нь алга болчихдог. Тэгэхэд л байгууллагын маргаашийн ажилд нь доголдол гарч байдаг. Байгууллагын ажилд доголдол гарах гарахгүй нь тэр хүнд хамаагүй, надад л хамаатай ажил. Хариуцлага нь ажилтайгаа уялдаж өгдөггүй. Нэг өдөр ажиллангуутаа маргааш миний ажлыг хаяж явна. Маргааш нь надаас мөнгөө нэхдэг.

Би компани авч явж байгаа хүний хувьд нэг л юмыг баримталж ажиллаж байгаа. Үнэнчээр л урагшлая. Татвараа төлөе, НӨАТ өгөе, ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээг нь байгуулаад нийгмийн даатгалыг нь төлөе. Компани шиг компани болгох гэж явж байгаа болохоос өнөө маргаашдаа хүн хулхитаад ч юм уу худлаа хэлээд, татвар энэ тэрээс нь бултаад өнөө маргаашаа аргацаагаад явах хүсэл алга.

Залуучууд жаахан үнэнч байх хэрэгтэй. Хэн хөдөлмөрлөж байна түүнд амжилт ирдэг гэдэг итгэдэг. Өнөөдөр хэн нэгнийг хулхитаад, хуурлаа гэхэд маргааш гэж надад байхгүй болно. Бизнесийнхэн бүгд л холбоотой байдаг. Би өнөөдөр хэн нэгнийг хулхитахад маргааш нь надад боломж үгүй болно.

-ЖДҮ-ийг дэмжих сангаас  зээл авах хүсэлт тавьж байв уу?

-Үгүй. Миний бизнес ЖДҮ авах хэмжээнд очоогүй байна. Миний бизнес улам л өргөжинө. Дахиад л баялаг бүтээнэ. Би махнаас хараат байгаа. Сая ковидын үеэр Хөдөө  аж ахуйн сургуулийн багш нартай хэдэн сар хамт явлаа. Мал эмнэлгийн сургуулийн захирал Гомбожав гэдэг хүн нь манай нутгийн хүн байдаг юм. Тэр хүмүүсээс зөвлөгөө авч махны үйлдвэрийн чиглэлийн үхрийн фермийн  төсөл хийлгүүлж авсан.  Тэрийг хийх гэж байна. Би махаа үйлдвэрлээд эрүүлээр, ченж дамжихгүйгээр явдаг супер баялаг бүтээгч болохыг хүсэж байна.

-Та олон хүнийг ажилтай, цалинтай байлгаж байна. Улс орондоо татвар төлж байна. Та мэдээж баялаг бүтээгч. Хоол үйлдвэрлэлийн салбарт багагүй туршлага хуримтлуулж яваа хүний хувьд төр энэ төрлийн бизнес эрхлэгчдэд ямар дэмжлэг өгчихөөсэй гэж боддог вэ?

-Хоол үйлдвэрлэлийн салбарт харьцсангүй гайгүй. Бид өөрсдөө бүх зүйлээ хийгээд явчхаж болно. Энэ бол цэвэр өрсөлдөөн. Хоол идэх нь хүний сонголт. Төр дэмжсэн, дэмжээгүй хүн орж ирээд л хоол иднэ. Төр чи эндээс хоол ид, эндээс битгий ид гэхгүй.

Аан харин ядаж мах ногоон дээрээ төрийн бодлого нь ороод яваасай. Мах, ногооны үнэ нэмэгдэхэд  хэдхэн л ченж байдаг.  Барс дээр гурван хүн байдаг. Хүчит шонхор дээр махны бас гурван хүн байдаг. Тэд махны үнийг өсгөнө гэвэл өсгөнө, унгана гэвэл унагана. Тэднийг махныхаа үнийг өсгөхөд би хоолныхоо үнийг нэмж болохгүй. Тэгэхэд би ашиггүй ажиллаж байна. Энэ тал дээр жаахан төр оролцоод мах болон ногоон дээр бодлого боловсруулдаг бодчихвол тэгээд л болоо. Түүнээс төр миний хоолыг зохицуулна гэж байхгүй.

-"Фүкү рамен" ресторан хэдэн оноос эхэлж энэ хоолныхоо үнийг тогтоосон бэ? Анх тогтоож байсан үнээсээ нэмэгдсэн үү?

-Бидний зогсож байгаа энэ салбар 2016 онд анх нээгдсэн. Тэр үед ямар үнээр анх нээгдэж байсан яг тэр үнээрээ үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг ч төгрөг нэмсэнгүй.

-Бизнес хийж байгаа хүмүүс хүнд суртал, авилга, хээл хахууль арай дэндлээ гэдэг. Энэ асуудал дээр өөрөө ямар байр суурьтай байдаг вэ?

-Миний хувьд авилга, хээл хахууль гэдэг үгийг ашиглахыг хүсдэггүй. Төрийн үйлчилгээ угаасаа бичиг баримтын бүрдэл, цаг хугацаатай. Бид бичиг баримтын бүрдэл, холбогдох бүхий л ажлаа тухайн цаг үед хийж чаддаггүй, эсвэл бичиг баримтаа бүрдүүлж чаддаггүй. Үүнээс болж бичиг баримт буцаана. Үүнийг болж л ажлаа хийж чадахгүй, гар хардаг гэх яриа гардаг байх.

Би дээр хэлсэн үнэнчээр зөв явах л зарчим барьдаг гэж хэлсэн. Бизнес хийх явцад шаардагдах аливаа үйл ажиллагаа, бичиг баримтын бүрдүүлэлт энэ бүхнийг хуулийн дагуу, хуулийн хугацаанд нь шаардлагынх нь дагуу бүрдүүлдэг.

Бүх зүйлийг ном журмынх нь дагуу хийгээд явж байхад хээл хахууль нэхсэн, авсан, өгсөн асуудал гарсангүй. Хууль дүрмийнх нь дагуу, цаг хугацаанд нь хийх ёстой юмаа хийгээд, тайлан тооцоогоо гаргаад, өгөх ёстой татвараа өгөөд явж байхад Төрийн байгууллагын үйлчилгээнд ажиллаж байгаа мэргэжилтнүүд харин ч залуучууд ийм болж буйд баярладаг. Хүнээр дамжуулж өөрсдөдөө төвөг удаад тэрийгээ төрийн алба хаагчид хахууль авсан мэт ярьдаг юм шиг байгаа юм. Одоо бол тийм зүйл байхгүй. Залуучууд өөрчлөгдөж байна. Өөрчлөгдөх ч хэрэгтэй.

 Хээл хахууль өгсөн, авсан гээд байгаа нь ганц хоёр хүний үйлдэл байж магадгүй. Надтай бол тийм зүйл тааралдаагүй. Зөв явбал заавал хахууль өгөх шаардлага байхгүй. Ер нь биднээс шалтгаалж байгаа. Бид бүхэн өөрсдөө цаг хугацаанд нь, ном журмынх нь дагуу аливаа ажлаа хийгээгүйгээс болж дундуур нь хэн нэгэн хүн орж,  гүйж мөнгө олдог хэсэг байдаг болжээ. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй.

-Анх энэ бизнесийг эхлэхдээ санхүүжилтийг хаанаас босгож байсан бэ?

-Нутагтаа бас бизнес эрхэлдэг байсан. Налайхын нүүрсний уурхайд ч ажиллаж л байлаа. Зүгээр суугаагүй. Олон бизнес хийж үзсэн, олон удаа ч дампуурсан. Амжилттай болж байгаа нь энэ. Сайн ах дүү нар надад дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Буцаагаад би хариуг нь зөвөөр хариулж чадаж байна. Ганцаараа бол чадаагүй. Бид нар тодорхой хэмжээнд хувьцаа эзэмшигчтэй.

-Танай тогооч ямар хүн бэ? Танайхаас гаргаж байгаа хоолнуудыг яг Япон хоолны орцоороо хийгдэх үү?

Тийм ээ. Бид нар Японоос бүх бараа бүтээгдэхүүнээ авдаг. Монголд найруулдаг юм байхгүй. Анх нээгдэж байхад Япон тогооч байсан. Түүний жор, технологийн дагуу хийгдэж байгаа.

-Хоолоо өдөр бүр шинээр хийх үү?

Тийм. Өдөр бүр шинэ хоол. Энэ бол миний зорилт. Хүнд аятайхан хоол идүүлээд гаргачих юмсан гэж боддог.

-Япон хоолны өөрийн онцлог юу вэ?

100 хувь органик. Хүний биед шингэц сайтай. Хоносон бүтээгдэхүүнээр хоол хийж болохгүй.

-Хоёулаа яриагаа жаахан өөрчлөөд Спорт клубийн чинь талаар ярилцъя л даа. Спорт клубийг яагаад үүсгэн байгуулсан бэ? Үйл ажиллагаагаа явуулаад хичээн жил болж байна вэ?

-Клуб маань байгуулагдаад 3-4 жил болж байна. Анх үүнийг байгуулахад хөрөнгө мөнгөний асуудал их байлаа. Бараг 7 сар гурван шавьтайгаа хамт засвар, тохижилтоо хийж байсан. Тухайн үед нэг зүйлээ хийж байтал мөнгөгүй болчихно. Тэгээд л мөнгөтэй болох хүртлээ хүлээгээд л, боломж гарахаар нь хийгээд л явдаг байсан. Ингэж явсаар байгаад ер нь бол үйл ажиллагаа  жигдрүүлээд гурван жил болж байна.

 -Хүүхдийн хөгжилд туслаад ингээд өөрөөсөө зардал гаргаад явах нь өөрт чинь ямар хэрэгтэй байдаг юм бэ?

-Надад ямар ч хэрэггүй л дээ. Гэхдээ бас хэрэгтэй байж магадгүй. Юу нь гэхээр тэдний энерги. Өөрөөр хэлбэл хүүхдэд туслаад бусдад боломж олгоод явна гэдэг их өөр л дөө. Үүнийг хийж үзээгүй хүн бол мэдэхгүй. Би өөрийн биеэр хийгээд явж байгаа болохоор хэн нэгэнд боломж олгосноороо ямар өөрчлөлт гардаг вэ гэдгийг би мэднэ. Гэхдээ  хүн хийж байж, өөрийнхөө идэх хоолноос илүүчилж байж л мэдэх байх. Өмнө нь би энэ тэнд заал гуйгаад зөндөө л явдаг байсан. Тэр бүр нөгөө хүүхдүүд миний араас дагууд л явна. Тэгэхээр би ийм зүйл хийхгүй бол тэд маань хийхгүй. Одоо миний шавь нараас гоё гоё, амжилттай явж байгаа залуучууд бий. Би тэдэнд боломж олгосон. Тэд ч надад боломж олгосон. Нэг гараанаас гарахдаа хэн нь зөв явах вэ гэдэг нь л чухал юм шиг санагддаг.

-Ер нь манайхан хартай хүмүүс, хүнд туслах юмуу сайн үйлс хийж байгаа хэнийг ямар нэгэн ашиг сонирхол байна гэж харддаг. Энэ үйл ажиллагаануудыг чинь, бизнесийг чинь хэр их хардаж, харлуулж байна?

-Ер нь байнга хардуулаастай. Би Төв аймгийн Заамарых гэдэг маань нэг хардагдах шалтгаан. Яагаад гэхээр Заамар алтны бөөн хэл амтай байдаг. Заамарт өсөж, өндийж, хүүхэд нас минь өнгөрсөн нутаг учраас нутагтаа хайртай. Нутгаараа бахархдаг. Заамар надад өргүй. Тиймээс би заавал  нутаг усаа онгичиж, ухаж баяжих албагүй. Намайг өнөөдөр ингээд л бизнес хийгээд, клуб ажиллуулаад явж байгааг зарим нь боломжгүй гэж хардаг. Энэ яахаараа ингэж явдаг юм гэж харддаг. Одоо гэхдээ залуучууд гайгүй болж байгаа. Цэрэвийн Энхболд гээд намайг хар багаас минь, тамирчин байхаас дэмждэг ах байдаг. Одоо Төв аймгийн боксын холбооны тэргүүн. Эхнэртэйгээ хамт надад боломж олгож, "Миний дүү энийг ав, хэсэг хэсгээр нь төлөх боломж байгаа шүү" гэж байсан. Тэр боломжийг л би маш сайн ашигласан.

Залуу хүн ингэж амьдрах боломжгүй гэж өдөр шөнөгүй л хардуулна. Залуу хүн ингэж амьдрах боломжтой. Би өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч байгаа учраас боломжтой байгаа юм. Хулгай хийсэнгүй, худлаа хэлсэнгүй. Зорьж байгаа зорилго, хийж байгаа ажилдаа үнэнч байна.

– Хэн нэгнийг баярлуулах, нийгэмд тустай зүйл хийх, ялангуяа гундуухан яваа хүүхдэд туслах, нэг урмын сайхан үг хэлэхэд хүний амьдралд маш ихээр нөлөөлдөг. Энэ хүүхдүүдийг баярлуулах өөрт чинь юу нь хамгийн сайхан байдаг вэ?

-Тэрийг үгээр илэрхийлэх боломжгүй. Ингэж баярлалаа… тэгж баярлалаа гэж…   Ботаникийн эцсийн асрамжийн газрын хүүхдүүд над дээр явдаг байсын. Тэгэхэд нэг өдөр, хоёр хүүхэд халуун зун шортон дээр өвлийн гутал өмсчихсөн орж ирж байсан. Тийм дүр төрхийг ямарч хүн харсан эмтэрнэ. Тэгээд л хэдэн хүүхдүүдээ аваад Нарантуул захаар явж байсан. Тухайн үед шинэ хувцас авч өгөх боломжгүй байсан. Комиссын бараагаар авч явж хувцас сонгуулж авч өгч байсан. Хэзээ ч тэр хүүхдүүд хувцас сонгож байгаагүй. Өлгийтэйгөөсөө асрамжийн газар ирчихсэн, хүний өгснийг л өмсдөг. Ганц тэр асрамжийн газрын хүүхдүүд биш л дээ өөр айл айлын хүүхдүүд ч байгаа. Тэднээс маань ч тийм асуудал гарна.

Намайг мөнгөтэй болсон үед л хүнсээ цуглуулах өдөр болно.  Хүүхдүүдээ дагуулаад Супермаркет орно. Зарим нь супермаркет ороод зайрмаг ч сонгож үзээгүй л байдаг. Хоёр тэрэг түрээд за юу авах уу? гэхэд их хүүхдүүд баярлаад… өрөвдөлтэй шдээ… Өөрийнхөө  амьдралыг ч олигтой шийдээгүй байж гэдэг асуудал гэр бүлийн хүрээнд яригддаг л байсан. Гэхдээ эхнэр маань миний хийж байгаа ажлыг ойлгож, өөрөө ч тус дэм болдог. Хүүхдүүдийн хоолыг нь хийгээд эгэе гээд хүртэл явж байдаг. Гэр бүл бие биенээ ойлгож, дэмжиж л урагшилдэг.

Ашиг гэж бол хэзээ ч байхгүй… Бас илэрхийлээд ч байх үг байхгүй… Зүгээр үйлдэл нь их гоё.

-Боксын спорт бэртэл гэмтэл авах ч юм уу, эмэгтэй хүний хувьд харахад жаахан хүнд юм шиг санагддаг. Энэ спортод дурлах шалтгаан нь юу юм. Хүний сэтгэлзүйд ямар зүйлийг сургаж байдаг юм бэ?

-Хүн нүүрэндээ цохиулахаас илүү, энийг давахаас илүү сэтгэлзүй байхгүй байх гэж би боддог. Одоо ингээд амьдрал дээрээс харахад боксын сэтгэлзүй, спортын сэтгэлзүйтэй хүн бол хаа ч амжилттай явдаг. Бүх л спортын багш нар хэлдэг л дээ. Хүнтэй мэндтэй устай, хаа ч амьдрах чадвартай болж хувирч байгаа юм л даа… Энэ чинь өөрөө тулааны спорт учраас хүмүүжиж чадахгүй бол рингэн дээр хүмүүжлийг нь өгчхөж байгаа учраас хүмүүжилтэй байж төлөвшихөөс өөр сонголтгүй.

-Ер нь ямар хүүхдүүд, хэдээс хэдэн насны хүүхдүүд боксын спортод хамрагддаг вэ?

-Манайд 5-аас дээш нас, насанд хүрэгчид гээд багш нар маань тус тусдаа л авч байгаа. Нийгмийн гарал үүслийг нь харах юм бол… Бокс боломжтой айлын хүүхдүүд сонирхдог спорт биш. Боломжгүйгээс боломжийг бий болгож чаддаг хүүхдүүд л энд явдаг. Ээж аавууд нь ч тэр бүгдийг даваад гарсных нь дараа баярладаг байх гэж боддог.

-Цаг зав гаргаж, бидэнтэй ярилцсанд баярлалаа.

-Та бүхэнд ч баярлалаа. Энэ дашрамд Төв аймгийн биеийн тамир спортын газрын  хамт олон,Га.Лхагвасүрэн даргадаа, Шижир алт сургуулийн багш нар, ангийн багш Б.Шинэзул, Боксын багш Б.Эрдэнбаяр, Энхээбаатар нарт баярлаж явдаг. Өдий хүртэл алдаа оноотой минь цуг байдаг найз нөхөд, төрснөөс өөрцгүй ах эгч, дүү нар мөн өдийг хүртэл дэмжиж ирсэн хайртай хань, аав ээж, ах эгч, дүү нартаа талархал илэрхийлмээр байна.

Ярилцсан М.Лхагвабаяр

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button