Гадаад мэдээ

Хятад улс энэ онд ДНБ-ээ 5.5 хувиар өсгөх зорилт дэвшүүлэв

БНХАУ дотоодын нийт бүтээгдэхүүнээ (ДНБ) 2022 онд 5.5 хувиар өсгөх зорилт дэвшүүлжээ. Бямба гарагт буюу өнөөдөр Бээжин хотноо болсон 13 дахь удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын (БХАТИХ) V чуулганы нээлтийн хурлын үеэр тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян засгийн газрынхаа ажлын тайланг танилцуулахдаа энэ тухай мэдэгдсэн байна.

Хот газарт 11 сая гаруй ажлын байр шинээр бий болгох, хотын ажилгүйдлийн түвшнийг 5.5 хувиас хэтрүүлэхгүй байх, инфляцын гол хэмжүүр болох хэрэглээний үнийн индексийн өсөлтийг 3 орчим хувьд барих, үр тарианы гарцыг 650 сая тонноос багагүй байлгах зэрэг зорилтыг тус улс энэ онд мөн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн Хятад улс байгаль орчныг хамгаалж, гол бохирдуулагч бодисуудын ялгаралтыг бууруулахын тулд цаашид илүү их хүчин чармайлт гаргах болно гэж Ли Көчян мэдэгдсэн байна.

Эрэлт буурах, нийлүүлэлт тасрах, хүлээлт сулрах гэсэн гурван дарамттай энэ онд Хятадын эдийн засаг нүүр тулахаар байгаа учир эдийн засгийн тогтвортой байдлыг хангахыг чухалчилж, илүү их ахиц дэвшил гаргахын төлөө ажиллах хэрэгтэй буйг тэрбээр цохон тэмдэглэжээ.

Тэрбээр хэлэхдээ, "Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг зохих түвшинд байлгаж, макро эдийн засгийн бодлогыг бэхжүүлэх замаар зах зээлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тогтвортой байлгаж, ажлын байрны аюулгүй байдлыг хангах нь энэ оны хамгийн чухал зорилтууд болоод байна" гэв.

Хятад улсын ДНБ өнгөрсөн 2021 онд 114.37 их наяд юаньд хүрч, 8.1 хувиар өссөн юм. Ингэснээр тус улс ДНБ-ээ 6-гаас багагүй хувиар өсгөнө гэсэн зорилтоо биелүүлж чадсан байна.

Эх сурвалж: CGTN

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button