Дотоод мэдээ

Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай тогтоол

"Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын танилцуулгыг, инфографикийн хамт хүргэж байна.

Уг тогтоолын төслийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

УИХ-ын 2019 оны "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай" 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон Оюутолгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг харгалзаж Монгол Улсын Засгийн газарт зургаан тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллахыг энэхүү тогтоолоор зөвшөөрсөн.

Үүнд:

Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувь /Эрдэнэс Оюутолгой ХХК/-д ногдох Оюутолгой ХХК-иас Туркойс Хилл Ресурс ЛТД-д төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх
2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр байгуулсан "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө" болон "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө"-г хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх
Оюутолгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюутолгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх,
Оюутолгой ХХК-д хувьцаа эзэмшигчид болон гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй байх,
Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах
Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх зэрэг болно.
Дээрх зургаан арга хэмжээ бүрэн хэрэгжиж дууссанаар Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай" 92 дугаар тогтоолыг хэрэгжсэн гэж үзэхээр болсон.

Энэ тогтоол батлагдсанаар Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах нөхцөл бүрдэж, Монгол Улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх боломжтой болох аж.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газар

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button